Монголын улсын төр, шашны нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, цэргийн гарамгай жанжин Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн арга хэмжээг 2024 оны 08 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус баярын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг нийт 5 удаа хуралдаж, Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажилласан бөгөөд албан хаагч бүр хариуцсан ажлаа тухай бүр гүйцэтгэж ажилласан болно. Тухайлбал: Төв цэнгэлдэх болон морины барианы тайзны загварыг гаргаж, Хөгжимт драмын театрын зураач М.Ган-очир, н.Хишигтогоо нар хийж гүйцэтгэсэн болно.
2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэбүрэн сумын Өөлдийн хүрээ Ганданпунцоглин хийдэд Галдан бошгот хааны онгоныг тайх ёслолыг хийв. Мөн Ховд аймгийн Нийтийн номын сан түүхэн эх сурвалж, ном бүтээлийн үзэсгэлэн гаргаж хүүхэд, залуус, иргэдэд их хааны алдар гавьяа үйл хэргийг сурталчлан таниулах боловсролын хөтөлбөрүүдийг хүүхэд багачуудад толилууллаа.
2024.08.01-04-ны өдрүүдэд Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Мөнхөд дурсагдах баатар” үзэсгэлэнг нийт 500 гаруй үзэгч үзсэн бөгөөд Музейн боловсролын хөтөлбөрт 100 гаруй хүүхэд хамрагдсан байна.
Галдан бошгот хааны мэндэлсний 380 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаас Ховд аймгийн Музейг төр, шашны нэрт зүтгэлтэн Галдан бошгот хааны нэрэмжит болгох шийдвэр гаргалаа. Ингэснээр Галдан бошгот хааны түүхэнд гүйцэтгэсэн гавьяаг хойч олон нийтэд сурталчлах боломж бүрдэж байгаагаараа онцлог байлаа. Мөн энэ үеэр аймгийн Нийтийн номын сан Үндэсний номын сантай хамтран Галдан Бошгот хааны байгуулсан Ховдын түүхийн “Алтан цадиг оршвой” ном бүтээлийн үзэсгэлэнг гаргаж, 600 гаруй иргэдэд сурталчлав.
Олон угсаатны соёлын өвийг сурталчлах зорилгоор морь барианы газарт сумдын урлагийн тоглолтын хөтөлбөр гарган амжилттай хийсэн бөгөөд иргэд идэвхтэй оролцсоноороо онцлог байлаа.
Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчид, Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ардын авьяастнууд, өвлөн уламжлагчид, авьяаслаг хүүхэд багачуудыг оролцуулсан Галдан бошгот хааны баатарлаг гавьяа болон түүний амьдралын түүхийг урлагийн тоглолтыг харуулахаас гадна олон угсаатны соёлын өв болох Баруун Монголчуудын нэг өдрийн амьдралыг зохиомжлон харуулснаараа үзэгчдийн сэтгэлд нийцсэн шинэлэг үзүүлбэр байв. Тус нээлтийг Монгол улсын Консерваторийн багш доктор Б.Сүхээ найрууллаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Соёл урлагийн газрын санаачлага дэмжлэгээр язгуур өвийн нэг болох уран нугаралтын сургалтыг Монгол улсын гавьяат жүжигчин Л.Энхцэцэг багшийн удирдлаган дор бэлтгэж, 64 уран нугараач хүүхдийн үзүүлбэр үзүүлэв.
Цаашид аймгийн Музейд Монголын улсын төр, шашны нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, цэргийн гарамгай жанжин Галдан бошгот хааны нэрэмжит үзлэгийн танхим дэглэж бий болгох, 2025 онд Ховд аймаг байгуулагдсаны 340 жилийн ойг хийх, уран нугаралтын сургалтын төв байгуулах зэрэг ажлуудыг хийхээр зорин ажиллаж байна.